Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу “Русский Дом”-д 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Орос, Монголын түүхчид, нийтлэлчид оролцсон цахим уулзалт боллоо. Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан энэхүү уулзалтад ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын (Чита хотын) Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны факультетийн оюутнууд болон Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн Их сургуулийн Улаанбаатар дахь салбар болох Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн сурагчид мөн оролцлоо.
Энэхүү онлайн уулзалтаар 1939 онд Халхын голд байгуулсан Зөвлөлт-Монголын цэргийн ялалтын ойд зориулсан цуврал арга хэмжээ эхэлж байгаа юм. Цахим уулзалтыг Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, “Россотрудничество”-гийн Монгол дахь төлөөлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч В.В.Кильпякова, ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе П.В.Петрунин, Монгол Улсын БХЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын Шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан, цэргийн шинжлэх ухааны доктор, хошууч генерал Б.Мөнхсайхан нар хөтлөн явууллаа.
Халх голын ялалтад Зөвлөлтийн хүмүүсийн, тэр дундаа Чита хотын иргэдийн оруулсан хувь нэмрийн талаар “Командарм Штерн” баримтат киног бүтээгч, уг киноны зохиолч А.П.Тарасов, Өвөр Байгалийн хязгаарын А.С.Пушкины нэрэмжит Шинжлэх ухааны номын сангийн захирал Е.В.Сивцов, ОХУ-ын ГХЯ-ны Чита дахь төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга А.В.Седунов нар ярилаа.
Түүхт ойд зориулсан Өвөр Байгалийн баримтат киночдын бүтээсэн “Командарм Штерн” баримтат киноны нээлтийг онлайн уулзалтын үеэр Орос, Монголд нэгэн зэрэг хийлээ. Зөвлөлтийн армийн гайхамшигч командлагч байсан хэдий ч Халх голын ялалтын мартагдсан баатруудын нэг болсон эрхмийн тухай энэхүү баримтат кинонд өгүүлжээ.
“1939 оны Халхын голд өрнөсөн үйл явц, мөн Монголын Ардын хувьсгалт армитай хамтран 1945 онд Манжуурт хийсэн стратегийн операц аль аль нь Зөвлөлт-Монголын цэргийн хамтын ялалт юм. Халх голын үйл явц бол цэргийн өргөн далайцтай тулалдаан төдийгүй энэхүү тулалдааны эцсийн үр дүн нь Бүгд Найрамдах Монгол Ард улсын үндэсний тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэсэн үйл явдал байсан. Халх голын тулалдааны үеэр олон баатар төрсөн байдгийн нэг нь командлагч Григорий Михайлович Штерн юм. Харамсалтай нь өнөөгийн Оросын болон Монголын иргэдэд энэ баатар хүний тухай мэдээлэл бараг алга байна. Халх голын тулалдааны түүхээс бараг судлагдаагүй үлдсэн энэ хуудсын талаар судалж, гүйцээхийг зорилоо” хэмээн баримтат киноны зохиолыг бичсэн А.П.Тарасов хэллээ.
“Халхын голын байлдааныг Монголын түүхч, судлаачид “дайн” гэж томьёолдог. 1939 оны 5-р сараас 9-р сарын хооронд үргэлжилсэн ч Зөвлөлт, Монгол, Япон, Манж-Го гэсэн дөрвөн улсын үлэмж тооны цэрэг зэвсэг оролцсон гэдэг агуулгаараа дайн хэмээн үзэх бүрэн үндэстэй юм. Цэргийн урлаг талаас авч үзэхэд зөвхөн агаарын тулалдаанд гэхэд нэг өдөрт хоёр талын 300 онгоц агаарт хөөрч агаарын тулаан хийсэн байдаг” хэмээн бэлтгэл хурандаа Г.Нямдорж хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Халх голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Ойг угтаж Монгол, Орос залуучуудын тойрон аялал, “Дайны ялалтын ач холбогдол” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, байлдааны талбараас түүвэр байдлаар олдсон үзмэр, эд өлгийн зүйлээр үзэсгэлэн нээх, баярын хурал зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгааг Г.Нямдорж онцолсон.
“Халх голын ялалтын түүхэн цаг хугацаа биднээс алсрах тусам тэр үеийнхнийг дурсах дуу хоолой суларч байна. Хойч үедээ сургамж болсон, үнэ цэнэтэй энэ түүхийн талаарх дурсамжийг бүдгэрүүлэхгүй байх үүрэг XXI зууны бидэнд оногдож байна. 1939 онд Монголын эрх чөлөөний төлөө зогссон, ЗХУ-ын хилийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан тэдгээр баатруудын үр хойч өөрийн улсын өнгөрсөн түүхийн хуудсыг мэдэх учиртай” хэмээн “Россотрудничество”-гийн төлөөлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Валерия Кильпякова хэллээ.
“Командарм Штерн” баримтат киног бүтээгчид киногоо Монголд үнэ төлбөргүй гаргах эрхийг “Русский Дом”-д олголоо. 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн 19.00 цагт Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд киног олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Сонирхсон хүн бүрийг ирж үзэхийг урьж байна.
А.ҮЛЭМЖ