Монгол, Орос, Хятад гурван улс хамтран аялал жуулчлалын “Түмэн газрын цайны зам” маршрутыг хөгжүүлэх гэрээг байгууллаа.
Энэхүү маршрут нь XVIII зууны үед Хятадаас цай худалдаалахдаа Монгол, Сибирь, Урал, Поволжье дамжин Москва, Санкт-Петербург хүрдэг байсан маршрут юм.
Маршрутын дагуу танин мэдэхүйн болон аялал жуулчлалын олон төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээрт музей, зочид буудал, амрах цэгүүд, алжаал тайлах газрууд, худалдааны төвүүд, хоолны газрууд багтаж байна.
БНХАУ-ын Ухань хотноо болсон гурван улсын аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын удирдах түвшний уулзалтын үеэр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар оролцлоо.