04:59
19.10.2026
Даваа
Орост тавих хоригтой холбоотой эцсийн шийдвэр гараагүй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын экспортод хамаарах хориг арга хэмжээ, гаалийн татварыг түр хойшлуулахаар шийдсэнийхээ маргааш нь буюу бямба гарагт энэ асуудлаар эцсийн шийдвэр гараагүй байгаа гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэхдээ, нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргахад тус улсын засаг захиргаанд хугацаа шаардлагатай байгааг онцолсон байна.

М.Рубиогийн хэлснээр, Д.Трамп түр хойшлуулаад байгаа хориг арга хэмжээ, гаалийн тарифаас эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлэхэд 60 хүртэл хоног зарцуулах ажээ.

“Та бүхний олонх нь миний ямар шийдвэр гаргахыг одоогоор мэдэхгүй байгаа. Гэхдээ бид үүнийг шийднэ, та бүхэн ч шийдвэрийг мэдэх болно” гэж Д.Трамп Флорида муж улсын Палм-Бич хот дахь “Мар-а-Лаго” клубтээ хэвлэлийнхэнд ярьжээ.

Ойрх Дорнод дахь сөргөлдөөний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт саатаж, эрчим хүчний үнэ нэмэгдэж буй энэ үед 11 дүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулиас хэдхэн долоо хоногийн өмнө Д.Трамп ийм шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн ихээхэн шахалттай тулгарч байгааг харуулж байна.

“Грэмийн хууль” гэж нэрлэгддэг хуулийн хориг арга хэмжээ, гаалийн тарифтай холбоотой гол заалтуудын хэрэгжилтийг түр зогсоох тухай зарлигт Д.Трамп өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан байна. Тэрбээр Украины эсрэг явуулж буй дайных нь улмаас ОХУ-д шахалт үзүүлэхийг зорьж буй хууль тогтоогчдын шаардлагаар өнгөрсөн сард уг хуульд гарын үсэг зуржээ.

Оросын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах, Оросоос газрын тос, байгалийн хийг худалдан авч буй орнуудад хориг тавих зэрэг арга хэмжээнүүд ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх ёстой байв. Баасан гаргийн зарлигт түр чөлөөлөлт хэдий хугацаанд үргэлжлэхийг тодорхой заагаагүй боловч Д.Трамп 60 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ гэж М.Рубио мэдэгджээ.

“Ерөнхийлөгч хориг арга хэмжээ, гаалийн тарифыг хоёуланг нь хэрэгжүүлэх нь дэлхийн эдийн засаг төдийгүй АНУ-ын эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг судлахын тулд энэхүү 60 хоногийн хугацааг ашиглахыг зорьж байгаа гэж би бодож байна” гэж М.Рубио Узбекистан руу нисэх онгоцонд суухын өмнө сэтгүүлчдэд ярьсан байна.

“Грэмийн хууль”-ийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж буй нэг асуудал нь Орост хориг арга хэмжээ авахаас гадна тус улсын эрчим хүчний эх үүсвэрүүдийг импортолдог улс орнуудын бараанд татвар ногдуулахаар заасан явдал юм. М.Рубио энэ хүрээнд АНУ-ын чухал түнш Энэтхэгийг онцолжээ. Энэтхэг нь эрчим хүчний нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлсэн хэдий ч Оросын газрын тосноос ихээхэн хамааралтай хэвээр байгаа аж.

Баасан гаргийн зарлигийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шүүмжилжээ. Тэрбээр ийм шийдвэр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг улам зоригжуулж, дайныг сунжруулахад хүргэнэ гэж анхааруулсан байна.

Өмнөд Каролина муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын сенатч Дарлин Грэм Д.Трампын шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Түүний талийгаач ах Линдси Грэм өөрийнх нэрээр нэрлэгдсэн уг хуулийн төслийг санаачилсан юм. Ирэх долоо хоногт Д.Трамп сонгуулийн өмнөх сурталчилгаа хийх үеэр түүнтэй энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа Д.Грэм хэлжээ.

“Би хувьдаа Орост үзүүлэх шахалтыг үргэлжлүүлэхийг илүүд үзнэ. Яагаад гэвэл би Путинд ч, Орост ч итгэдэггүй” гэж тэрбээр бямба гарагт хэвлэлийнхэнд хэлсэн байна.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.