16:08
04.07.2026
Бямба
Гурван улс дамнасан “Цайны зам-2026” авто раллид оролцогчид 3,400 гаруй километр замыг туулав
03.07.26 21:30

Олон улсын авто аяллын “Цайны зам-2026” авто раллиг Монгол Улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөл “Marco Polo Tour” болон “AKU Game World” ХХК хамтран зохион байгууллаа.

Тус авто ралли нь БНХАУ-ын Эрээн хотоос гараагаа эхлэн Монгол Улсын түүхэн Цайны зам дагуух таван аймгийн нутаг дэвсгэрээр аялж, цааш ОХУ-ын Байгаль нуур орчмын бүс нутгаар дамжин нийт 3,400 гаруй километр замыг туулан Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод амжилттай бариалав.

“Цайны зам-2026” авто раллийн хүрээнд оролцогчид Монгол, Хятад, Орос гурван улсын түүх, соёл, байгалийн өвөрмөц тогтоц, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү раллиг онцлон мэдээлж, Цайны замын өв соёл, хил дамнасан авто аяллыг хөгжүүлэхэд чиглэсэн бодит санаачилга хэмээн үнэлэв. “Цайны зам-2026” авто ралли нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, Монгол-Хятад-Орос гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үлй ажиллагаа болсныг ГХЯ мэдээлэв.

Цаашид зохион байгуулагч талууд “Цайны зам” аяллын брэндийг олон улсын түвшинд хөгжүүлж, гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.