15:52
09.11.2024
Бямба
“ҮХЭШГҮЙ МӨНХИЙН ХОРОО” ЖАГСААЛ УЛААНБААТАРТ БОЛОВ
10.05.24 18:47

Аугаа их Эх орны дайны ялалтын 79 жилийн ойд зориулсан “Үхэшгүй мөнхийн хороо” олон нийтийн жагсаал 5 дугаар сарын 9-нд “Монгол ард” нисэх эскадрилийн хөшөөнөөс Маршал Г.К.Жуковын нэрэмжит талбай хүртэл Улаанбаатарын Энх тайвны өргөн чөлөөгөөр үргэлжлэн явагдлаа.

Жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчин, бусад төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан бэлтгэл офицерууд, цэрэгт алба хаасан дайчид, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн тулгаралт байлдаанд оролцсон эцэг, өвгөдийнхөө зургийг барьсан залуус, Монгол Улсад аж төрөн суудаг Орос иргэд, Эх орны дайны ялалтыг хамтын баяр гэж үздэг янз бүрийн насны хүмүүс нэгдсэн байна.

Беларусын Гомель хотод төрсөн өдгөө 76 нас сүүдэр тохиож буй Пабел Николаевич Торско гэхэд “Миний бага нас дайны ул мөр, ахмад үеийн дурсамж дунд өнгөрсөн. Зовлон үзсэн ард түмэн хүнлэг энэрэнгүй байдаг” гэсэн сэтгэгдлээ хуваалцав.

 

Армийн ахмад холбоочдын нийгэмлэгийн тэргүүн, бэлтгэл хурандаа Ч.Энхтөр “Орос ах нар фашизмыг ичээнд устгаагүй бол Монгол Улсын маань ирээдүй бүрхэг байх байлаа. Манай улсын ард иргэд фронтын ар талд хүмүүс хэрхэн ажиллаж, амьдарч байсан тэр жишгээр ялалтад бүхнийг зориулж байсан” гэж ярилаа.

Улаан Үд хотоос Монгол Улсын нийслэлд Ялалтын баярт оролцохоор зорьж ирсэн хууль зүйн хурандаа Ерилов Виктор Валерьевич “Улаанбаатарын гудамжинд хүмүүс Монгол, Оросын далбаа барьж “ДеньПобеды” дууг хоолой нийлүүлэн дуулж буйг хараад анд нөхдөөрөө бахархах сэтгэл төрж байлаа” гэсэн юм.

Энэ жил хэдийгээр хур бороотой байсан ч “Үхэшгүй мөнхийн хороо” явган жагсаалд 500 орчим хүн оролцож Маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирж Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуун дор ЗХУ-ын 4 удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр энэхүү уламжлалт арга хэмжээ өндөрлөв.

Цэргийн сэтгүүлч, бэлтгэл хурандаа Г.Нямдорж

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.